Thursday, March 3, 2011

Би өөрийгөө үзэн яддаг

Би өөрийгөө үзэн яддаг
Бие минь, нүд минь, зүрх сэтгэл минь минийх биш
Би өөрийгөө танин яддаг
Бичих минь, бодох минь, зөгнөх ёрлох минь
надаас ангид

Маргааш өглөө намайг угтах нар
Маргаашийн маргааш учрах хүмүүс
Дандаа танил, дандаа хуучин, миний мэдэх ирээдүй
Дагаад алхаж буй энэ замаа би
хаана төгсөхийг ч мэддэг

Минийх биш гар цэцгийн далавч тасалж
Миний биш уруул жавартай үгсээр үлээж
Хүсэхгүй тусмаа би хүсэлдээ боомилуулж
Хүрэх ёсгүйдээ хүрч, харах ёсгүйгээ хардаг
Би өөрөөсөө айдаг

Зүгээр л тэнгэрийн хэсэг болчих байтлаа
Зүгээр л энгэрийн хайлааст хувилчих байтлаа
Зүүдэндээ эхлээд үзчихдэг маргаашийн төлөө
Зүдүү, ядуу хүн хэвээр яваадаа гуньдаг

Би өөрийгөө үзэн яддагтаа гуньдаг.

Л.Өлзийтөгс. 2002.11.13