Thursday, November 18, 2010

Төрж буй хүнд эмгэнэл илэрхийлсэн шүлэг

Төрж буй хүнд эмгэнэл илэрхийлсэн шүлэг

Танд эмгэнэл илэрхийлье, дэлхий дээр төрсөнд чинь
Тамын зовлон эдлэх ээлж ирсэнд эмгэнэе.
Амьдралын гашуун, егөөтэй инээмсэглэл таныг таалж
Аав, ээж чинь үхэхийн зовлон хаа нэгтээ хүлээж буй
Хорвоо дээр хуурагдах гэж ирсэнд чинь эмгэнэе.
Хорвоо дээр худлаа ярих гэж ирсэнд чинь эмгэнэе.
(Хүн болгон худал хэлдэг)
Хорвоо дээр хоол идэх гэж ирсэнд чинь эмгэнэе.
(Хоолоо олох гэж зовдог)
Хорвоо дээр цангах гэж ирсэнд чинь эмгэнэе.
(Хүн болгон өлсөж цангадаг)
Хорвоо дээр хувцас өмсөх гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Хүнийг хувцсаар нь шүүдэг)
Хорвоо дээр янаг амрагтай болох гэж төрсөнд чинь эмгэнэе.
(Янаг амраг хөгширдөг, эсхүл араар чинь тавьдаг)
Хорвоо дээр үр хүүхэдтэй болох гэж ирж буйд чинь
(Үр хүүхэд өвдөж зовоодог,
Үхэж зовоодог, үгүй бол өсөж торних гэж зовоодог)
Хорвоо дээр нэр алдартай болох гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Нэр алдар чинь сэвтэж, нэр алдрыг чинь гутаана)
Хорвоо дээр эрх мэдэлтэй болохоор ирж буйд чинь эмгэнэе.
(Эрх мэдэл алдагддаг, эсхүл алдахгүйн тулд хилэнц үйлддэг)
Хорвоо дээр эд баялагтай болох гэж төрсөнд чинь эмгэнэе
(Эд баялаг хураах гэж зовдог, хураасан хойно барагддаг,
эсхүл өөрөө эдэлж чаддаггүй)
Хорвоо дээр хов живэнд хутгалдаж, гүтгүүлэх гэж төрсөнд чинь эмгэнэе.
(Тийм явдал зайлшгүй)
Хорвоо дээр өвгөрөх гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Энэ ч бас зайлшгүй)
Өөрийн бус бусдын тусгал болох гэж төрсөнд чинь эмгэнэе.
(Өөрийнхөөрөө зүтгэвэл тэнэг гэнэ)
Өрх толгойлж үйлээ эдлэх он жилүүдэд чинь эмгэнэе.
(Айл авч явна гэдэг хэцүү)
Өрөөл бусдад гоочлуулж, үхмээр санагдах үед чинь эмгэнэе.
(Ийм явдал зөндөө)
Өнө мөнхийн бус хорвоод дасах гэж ирсэнд чинь эмгэнэе.
(Дассан учраас хоргоддог, хоргодохын зовлон хүнд)
Уйтан амьдралд өвдөх гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Зүрх, тархи, өвдөхгүй эрхтэн гэж үгүй,
үхэл заримдаа амар санагдах ч буй)
Уйтгарт хорвоод айх гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Ус, гал, осол, ад үзэгдэх, зодуулах, юмаа хулгайд алдах)
Уур хилэн чинь бадрах гэж ирж буйд чинь эмгэнэе.
(Зовлон дунд нөхөд чинь орхино
Үр хүүхэд санаснаар чинь явахгүй
Улс амьтан зүгээр байхад чинь оролдоно
Хүсээгүй юмаа хийх болно)

О.Дашбалбар (1997)